Гэр бүл цуцлалт

Гэр бүлийн тухай хуулийн 14.1, 14.4-т заасны дагуу гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлтэй болон гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон тохиолдолд гэр бүл цуцлах тухай маргаантай хэргийг шүүх шийдвэрлэнэ. Харин гэрлэлт цуцлах бусад үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана. Өөрөөр хэлбэл шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар тухайн маргааныг эвлэрүүлэн зуучлагч шийдвэрлэх болно.

Шүүх харьяаллын дагуу гэрлэлт цуцлахтай холбоотой нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсний дараа шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ. Эвлэрүүлэн зуучлалын явцад гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.

Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.

Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэж шүүх үзсэн бол эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж болохоор Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заажээ. “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй“ гэдэгт гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгоно. Уг ойлголтод хэн нэг нь согтуурах болон мансуурах бодис байнга хэрэглэдэг, бэлгийн харьцаа тохирохгүй байх, гэр бүлийн гишүүдийг өөрийн эрхшээлд байлгахаар хүч хэрэглэж, биед нь халдах, айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгих, гэр бүлийн дундын өмчийг дангаар захиран зарцуулах зэргээр сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн байнгын хүчирхийлэл, дарамт үзүүлснээр гэр бүлийн бусад гишүүд, ялангуяа хүүхдэд ноцтой хор хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй байхыг хамааруулна.

Гэрлэгчдийн аль нэг нь эсхүл хоёулаа бусадтай гэр бүлийн харилцаатай болсон байх нь тэдний хоорондоо эвлэрэх боломжийг багасгаж байгаа хэдий ч бүрэн үгүйсгэх үндэслэл биш юм. Гэрлэгчдийн хэн нэг нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон байдлыг шүүхүүд гэрлэлтийг шууд цуцлах үндэслэл болгодог алдаатай практик нь баталгаатай гэр бүлийн нэр хүнд, ач холбогдлыг бууруулаад зогсохгүй гэрлэлтээ цуцлуулаагүй атлаа өөр бусадтай гэр бүлийн харилцаанд орох дутагдлыг өөгшүүлэх хортой үр дагавар үүсгэж буйг анхаарах нь зүйтэй.

Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалснаар гэрлэлтийн харилцааг дуусгавар болгохын зэрэгцээ өөр эрх зүйн харилцааг шинээр үүсгэнэ. Тухайлбал: хүүхдийн асрамж, тэтгэлэг буюу асран хамгаалалтын болон тэжээн тэтгэх харилцааг шинээр үүсгэдэг болно.

Асуулт байхгүй байна