Ганцаарчилсан маргааныг шийдвэрлэх

Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуульд зааснаар хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг:

1. Хөдөлмөрийн Маргаан Таслах Комисс;

2. Шүүх гэсэн байгууллагууд тус тус хянан шийдвэрлэдэг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шүүхэд харьяалуулан шийдвэрлэхээс бусад маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэдэг байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагын дэргэд Х.М.Т.К-ыг байгуулан ажиллуулна. Х.М.Т.К нь ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн Үйлдвэрчний эвлэлийн, хэрэв үйлдвэрчний эвлэл байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ. Ажил олгогчийн болон ажилтны төлөөлөгчдийн тоо нь тэнцүү байх ба комиссын хуралдаанд талууд эрх тэгш эрх үүрэгтэй оролцоно. Ажилтан нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол энэ тухай өргөдлөө хуульд заасан хугацаанд ХМТК-т гаргах ба комисс нь өргөдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргааныг хянан шийдвэрлэдэг. Комиссын гишүүдийн олонхийн саналаар "шийдвэр" гарах бөгөөд комиссын шийдвэрийг ажил олгогч болон өргөдөл гаргасан ажилтан эс зөвшөөрсөн тохиолдолд шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлэх журамтай.

Шүүхээр хянан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан

Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийн талаар гаргасан давж заалдсан гомдол;

ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол; 

ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл;

хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэл; 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан;

иргэн хоорондын хөдөлмөрийн гэрээтэй холбогдон гарсан маргаан;

сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол;

хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан тухай ажилтны нэхэмжлэл;

хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл;

хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэн ажиллагчдын хоорондын хөдөлмөрийн маргаан;

хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргаан гэх мэт болно.

Шүүх иргэдээс гаргасан өргөдөл нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэнэ. Энэ нь Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг хуулиудаар зохицуулагддаг

Маргааны талаар гомдол гаргах хугацаа

Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуульд зааснаар дараахь хугацаанд эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлнэ.

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор;

Бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад (Х.М.Т.К болон шүүхэд) гомдлоо тус тус гаргана.

Асуулт байхгүй байна