Захиргааны хэргийн нотлох баримт

Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

Захиргааны хэргийн нотлох баримтад дараах шаардлага, шалгуур тавигдана.Үүгээрээ захиргааны хэргийн онцлог илэрнэ.

Үүнд:

  1. Тухайн хэрэгт хамааралтай байх
  2. Нотолгооны ач холбогдолтой байх
  3. Хуульд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон байх
  4. Хуульд заасан журмын дагуу гарган, цуглуулж, бэхжүүлсэн байх.

Эдгээр шалгуур шинжийг агуулаагүй баримтат мэдээллийг захиргааны хэргийн нотлох баримт гэж үзэхгүй бөгөөд хэргийн нотлох баримтаас хасах төдийгүй ийм баримтыг шаардан гаргуулж болохгүй.

Нотлох баримтын ангилал

Ямар эх үүсвэрт бэхжсэнээр нь:

  • Бичмэл нотлох баримт- Бичмэл нотлох баримт нь бичгийн хэлбэртэй байхын дээр цаасан дээр бэхжсэн байна.

(жишээ нь: захиргааны акт, хурлын тэмдэглэл, гэрчилгээ, тодорхойлолт гэх мэт.)

  • Эд мөрийн нотлох баримт- нөхцөл байдлыг тогтоож чадах биет зүйлс хамаарна. Эд мөрийн баримтыг дотор нь хөдлөх болон үл хөдлөх гэж ангилладаг

(жишээ нь: хөдлөх- газраас салгаж болох бүх зүйлс, үл хөдлөх- газраас үл салах зүйлс хамаарна. )

Эх сурвалжийн чадвараар нь:

  • Анхдагч нотлох баримт- шууд эх байдлаараа олж авагдсан баримтат мэдээлэл юм.

(захиргааны тухай хэргийн үйл явдлыг шууд харсан гэрчийн мэдүүлэг, үндсэн эхээрээ авагдсан захиргааны акт, бусад баримт бичиг, эд зүйлс хамаарна)

 

  • Дамжмал нотлох баримт- үндсэн эхээрээ бус өөр эх үүсвэрээр дамжиж авагдсан баримтат мэдээлэл байна.

(бичиг баримтын хуулбар, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан фото зураг, зураглал)

Нотолгооны шинжээр нь:

  • Шууд нотлох баримт-захиргааны хэргийн нотлогдвол зохих нөхцөл байдлыг шууд нотолж байгаа, эсхүл няцааж байгаа нотлох баримтууд хамаарна. Шууд нотлох баримтад анхдагч болон дамжмал нотлох баримт аль аль нь хамаарч болно.

(бичиг баримтын хуулбар, фото зургийн хуулбар)

  • Шууд бус нотлох баримт-хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоож байгаа хэргийн нөхцөл байдлыг шууд бусаар нотолж буй баримтат мэдээллийг хэлнэ.

(автомашины дугуйны хэвлэн авсан мөр, хөршид олгосон газрын маргаантай холбогдуулан ойролцоох бусад оршин суугчидын авсан тайлбар)

Асуулт байхгүй байна