Эдийн засгийн хүрээний авлига

Авлига нь эдийн засагт нүүрлэх нь тухайн орны эдийн засгийн тогтвортой байдалд муугаар нөлөөлнө. Энэ тохиолдолд нийгмийн баялгийн шударга хуваарилалтын зарчим алдагдаж, далд эдийн засгийн нөлөө албан ёсны эдийн засгийнхаас хүчтэй болж, баян, ядуугийн ялгаа ихсэж, нийгмийн хяналт, халамжийн бодлого сулардаг зүй тогтолтой. Авлига ихтэй оронд газрын баялаг ихтэй байлаа ч гэсэн энэ нь улс орны эдийн засгийн хүчин чадал нэмэгдэх, хүмүүсийн амьжиргааны түвшин дээшлэхэд нөлөө үзүүлж чаддаггүй гэдгийг Африкийн зарим орны жишээ харуулдаг. Хээл хахууль болон бусад хэлбэрээр авлигад өртсөн аливаа бараа, үйлчилгээ зах зээлд түүнийхээ алдагдлыг шингээсэн үнэ ханшаар худалдаа, үйлчилгээнд гаргах ба энэхүү жинхэнэ болон авлигын өртөг шингэсэн үнэ ханшийн зөрүү нь үйлчлүүлэгч, худалдан авагчдын хувьд авилгачдад дам төлж буй төлбөр болж, амьжиргаанд нь дам нөлөөлж байдаг. Хэрэв авилгажсан эдийн засагтай болсон тохиолдолд нийгмийн бүхий л гишүүд түүний төлбөрийг ийм байдлаар төлдөг байна. Авлигын урт гар халаасыг нь тэмтэрч байгаа энэ мэт хохирлыг хүмүүс тэр бүр анзаардаггүй учраас өөрөөс нь хол хөндийн мэт ойлгодог тал бий. Авлигын хамгийн харгис үр дагаврыг ядуу хүмүүс амсах бөгөөд шударга бус нийгмээс захлагдсан эдгээр хүмүүсийн тоо авлига газар авахын хирээр нэмэгдэж, нийгмийн ядуурлын эгнээ өргөжиж байна. Энэ үйл явц удаан үргэлжилбэл, дархлагдсан цөөнх хүмүүс маш их баяжиж, нийгэм тэр аяараа үгүйрэн, зах зээлийн чөлөөт өрсөлдөөний мөн чанар алдагдан улс орны эдийн засаг уналтад орох хор аюул дагуулдаг.

Асуулт байхгүй байна