Гэмт хэрэг

     Гэмт хэрэг гэдэг нь хуульд заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг болон ёсчлон биелүүлэх үндсэн үүргийг тодорхойлсон ба “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” хэмээн заасан байдаг. Тиймээс ч иргэн хүн өөрийн эрхийг эдлэхээс гадна үүргээ биелүүлж амьдрах ёстой бөгөөд иргэний үндсэн үүргийн нэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх явдал юм. Гэтэл зарим хүн нийгэмд биеэ зөв авч явж, хуулийг сахин биелүүлээгүйгээс гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл хүлээдэг. Гэмт хэргийн нийгэмд аюултай байх шинж нь хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгө, төр, нийгмийн эрх ашигт хор аюул учруулж буйгаар илэрхийлэгдэнэ.

Гэм буруутай байх нь гэмт хэргийн үндсэн шинжийн нэг юм. Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцдоггүй. Монгол Улсын Үндсэн хуульд “.. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд халдаан хэрэглэхийг хориглоно” хэмээн заасан байдаг.

Гэм буруу нь санаатай болон болгоомжгүй гэсэн хоёр хэлбэртэй байдаг.
Гэмт хэрэг үйлдэж байгаа хүн өөрийн үйлдэл, эс үйлдлийн улмаас бусдад учирч болох хор аюулыг урьдчилан мэдсэн боловч:

• уг хор аюулыг учруулахыг хүсч гэмт хэрэг үйлдсэн бол шууд санаатай үйлдсэн гэж;
• уг хор аюулыг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол шууд бус санаатай үйлдсэн гэж тус тус үзнэ.

Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх нь бусдад хор аюул учруулахыг мэдсэн боловч учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан, эсвэл хор аюул учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй хайхрамжгүй хандсанаас болсон байдаг.

Гэмт хэргийн ангилал нь:

  1. хөнгөн ( нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг)
  2. хүндэвтэр (нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг)
  3. хүнд (нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг)
  4. онц хүнд (арван жилээс дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих, онцгой тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг) гэж ангилагдана.
Асуулт байхгүй байна